Иогийн дасгал эрч хүчтэй, эрүүл амьдралыг бэлэглэнэ
2011 оны 3 сарын 9
Иогоор хичээллэх нь хүний дархлааны системийг бэхжүүлж, эрүүл саруул явахад тун их тустайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч эхлээд байна. Эртний Энэтхэгийн гүн ухаан, анагаах ухаанаас үүдэлтэй иогийг өнөөгийн шинжлэх ухаан судлан, энэхүү дасгалын нөлөөгөөр олж авах оюун санааны тэнцвэр нь хүний дархлаанд эерэг нөлөөтэйг олж тогтоосон билээ. Ялангуяа нурууны өвчин, толгой өвдөх ужиг эмгэг, нойргүйдэл, хүзүүний хөшингө, гэдэсний хямрал, стрессийг анагаах ер бусын чадалтайг Харвардын их сругуулийн Анагаахын сургуулийн судалгааны баг баталлаа. Гол нь оюун санаа хийгээд бие махбодийн харилцан холбоог бий болгон эрүүл мэндэд нөлөөлдөг гэнэ.
Өнөөгийн завгүй нийгмийн хүмүүсийн нийтлэг эмгэг бол стресс. Стрессийг сэтгэл зүй болоод бие махбодийн хоёр замаар хавсран эмчлэх ёстой. Үүнийг иог хийж чадна. Оюун ухааны төвлөрөл болоод амьсгалын зөв хуваарилалтын дасгалуудыг хийснээр аливаа хүний сэтгэл санаа уужуу тайван болж, уур уцаар багасдаг байна. Стресс, уур уцаар багассанаар дархлаа сайжирч, эрүүл саруул байхын үндэс болдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрлөө. Ялангуяа хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эмчилгээний явцад иогийн дасгал хийвэл онцгой үр дүнтэй.
Бидний хувьд иог алхам алхмаар танил болж байгаа. Нийслэлд энэ төрлийн хичээл сургалт явуулдаг цөөнгүй газар бий. Фитнесс, бассейнаас гадна иогийн дасгалд явбал эрүүл саруул явахын түлхүүрийг атгалаа л гэсэн үг. Гэр бүлийн, өндөр настны, хүүхдийн, төрсний дараах, тураах гээд олон төрлийн иогийн дасгал байдаг. Эрүүл байж, эрч хүчтэй амьдрах боломж танаас холгүйхэн байхад битгий алдаарай. Долоо хоногт гурван удаа дасгалд явна гэж үзвэл өнжөөд өөртөө хоёрхон цаг зарцуулчих л даа. Урагшаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Их уншигдсан